“ОХИДЫН ЦАГ” ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

Канад сангийн санхүүжилтээр 2018 онд хэрэгжүүлсэн “Сургалт нөлөөллийн ажлаар дамжуулан өсвөр үе залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, хандлага зан үйлийг өөрчлөх нь” төслийн хүрээнд сурагчдад олгосон мэдлэгийг бататгах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Охидын цаг” өртөөчилсөн сургалт нөлөөллийн ажлыг Хүүхдийн холбооны сурагчидтай хамтран Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс зохион байгуулсан юм. Сургалтад Нийслэлийн Голомт цогцолбор сургууль, Нийслэлийн Эрдмийн-Оргил сургууль, Нийслэлийн үндэсний лаборатори 119-р сургууль, Налайх дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Албан бус насан туршийн боловсролын төвийн 10-11 дүгээр ангийн 70 охид хамрагдсан. Сургалтад оролцсон оюутан сурагчдыг “Өсвөр насны охидын онцлог ба Би хэн бэ?”, “Хүсээгүй жирэмслэлт ба үр хөндөлт”, мэдлэг шалгах “АХА” тэмцээн, “Кино хэлэлцүүлэг” гэсэн 4 өртөөнд хувааж нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг өртөөчилсөн сургалтаар дамжуулан олгосон билээ. Охидод 3 төрлийн монологи үзүүлж “Өсвөр насны охидод тулгамдаж буй асуудлууд”, “Хүсээгүй жирэмслэлт”, “Бэлгийн замаар дамжих халдвар”, “Гадны халдлагаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?” гэсэн 4 асуудлын хүрээнд кино хэлэлцүүлэг өрнүүлсэн. Сургалтын үеэр нийт охидоос авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнг нэгтгэн үзвэл Өнөөдрийн манай сургалт танд таалагдсан уу гэсэн асуултад 70 оролцогчийн 63 нь таалагдсан гэж хариулсан. Харин энэхүү сургалтаар дамжуулан хэрэгцээтэй мэдээллээ хангалттай олж авсан уу гэсэн асуултад 70 оролцогчийн 59 нь тийм гэсэн хариулт өгсөн. Сэтгэл ханамжийн судалгааны үр дүнгээс үзэхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг өртөөчилсөн байдлаар зохион байгуулах нь илүү үр дүнтэй гэдэг нь харагдаж байна.