Монгол улсын иргэний андгай өргөх ёслол

Налайх дүүргийн сурагчид Монгол Улсын иргэний андгай өргөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан хүүхэд багачуудынхаа дуу хоолойг сонсох, гаргасан санал санаачилгыг нь ажил хэрэг болгох, зорилт төлөвлөгөөндөө тусгах зорилгоор “Нарны хүүхдүүд-2019” дүүргийн 8 дугаар чуулганыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Чуулганы үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч, “Хүүхдийн элч” Х.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр нарын албаны зочдоос гадна дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 9 сургуулийн 150 гаруй хүүхэд, багачууд оролцлоо.

Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаа шилдэг тэргүүний залуусыг “Иргэний Андгай” өргүүлэн, түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан тус арга хэмжээнд “Голомт”, “Эрдмийн-оргил” цогцолбор, 103-р сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Үндэсний лабаратори 119-р сургуулийн нийт 20 сурагч оролцож дүүргийн удирдлагуудаас иргэний үнэмлэх, батламжаа гардан авч “Монгол улсын иргэний андгай” өргөлөө.